Thursday, November 17, 2016

Умайн хүзүүний хорт хавдар гэж юү вэ?

Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь оношлох, эмчлэх чиглэлээр “Цусны даралт ихсэлт, чихрийн хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн үзлэг” орон даяар 2012 оны 4 сарын 7-ноос эхлэсэн билээ. Энэхүү эрт илрүүлэг, шинжилгээний нэг болох умайн хүзүүний эсийн шинжилгээнд 30-60 насны эмэгтэйчүүдийг 3 насны давтамжтайгаар хамруулах юм. Өөрөөр хэлбэл энэ онд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай эмэгтэйчүүд хамрагданаЭнэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр умайн хүзүүний хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, өвчтөний амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Умайн хүзүүний хавдар

Манай улсад эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын 9 хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 18 хувийг эзэлж байна.
Шинээр оношлогдсон нийт тохиолдлын 60 гаруй хувь нь III, IV үе шат буюу хожуу үедээ оношлогдож, 50 орчим хувь нь оношлогдсон жилдээ нас барж байгаа нь эрт илрүүлгийн арга хэмжээ хангалтгүй байгааг харуулж байгаа юм.
Умайн хүзүүний хорт хавдар гэж юү вэ?
 Умайн хүзүүний гадаргыг бүрхсэн хучуур эсүүдэд хэвийн бус өөрчлөлт гарахыг хэлнэ.
Шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс: Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн голлох шалтгаан нь хүний хөхөнцөр вирусын халдвар юм. Хүний хөхөнцөр вирусын олон төрөл, омог байдгаас 16, 18 төрөл нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэл 70 хувь байна гэж үздэг. Умайн хүзүүний хорт хавдар үүсэх магадлалыг ихэсгэдэг хүчин зүйлсийг эрсдэлт хүчин зүйлс гэнэ. Үүнд:
  • Хүйс: зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолдоно
  • Бэлгийн амьдралын идэвхтэй насанд байгаа эмэгтэй
  • Бэлгийн олон хамтрагчтай байх
  • Бэлгийн хамтрагч нь олон хавьтагчтай байх
  • Хэт эрт буюу хэт хожуу анхны төрөлт (16 наснаас өмнө, 25 наснаас хойш)
  • Бэлгийн замын халдварт өвчин (ялангуяа хүний хөхөнцөр вирусын халдвар)
  • Бэлэг эрхтэний герпес
  • Жирэмсэн үедээ зулбалтаас сэргийлэх зорилгоор диэтилстилбестрол (ДЭС-эстроген төст бодис) хэрэглэсэн эсэх
  • Олон удаа vр хөндvvлэх
  • Удаан хугацаагаар ерөндөгтэй /спираль/ байх
  • Тамхи татах
  • Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
 Илрэх шинж тэмдэг: Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн үед гарах илэрхий шинж тэмдэг байдаггүй ба зөвхөн эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлтийг оношилно. Харин өвчний хожуу үед дараах шинжүүд илэрч болно. Үүнд:
  • Үтрээнээс мөчлөгт бусаар цус алдах
  • Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
  • Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
  • Хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх
  • Гуя руу дамжиж өвдөх
  • Тодорхой шалтгаангүй турах
  • Бие суларч, ядарч тамирдах
Умайн хүзүүний эсийн шинжилгээнд хэн, хэзээ, хэрхэн хамрагдах вэ?

  • Бэлгийн харьцаанд орсноосоо хойш 3 жилээс хэтрэлгүй шинжилгээнд орж эхлэх
  • Эхний шинжилгээг 21 наснаас хойш оройтох хэрэггүй
  • Ер нь бэлгийн харьцаанд орсон л бол 3 жил тутам тогтмол шинжилгээ өгч хэвших
  • Эмэгтэйчүүдийг 30-60 насны хооронд 3 жил тутам шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байгаа
Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:

  • Шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй
  • Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй

Иймд эмэгтэй таныг өвчлөхгүйгээр урьдчилан сэргийлж болох умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх эрт илрүүлэг үзлэгтээ идэвхтэй оролцоорой...


No comments:

Post a Comment