Monday, April 4, 2016

Улаан бурхнаар өвчилсөн хүүхдийн 90 хувь вакцинд хамрагдах нас хүрээгүй байжээ


2016 оны 3 сарын 15
Эрүүл мэнд спортын яаманд өнөөдөр нийслэл, дүүргийн эрүүл төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчин, улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой  асуудлаар ярилцлаа.
Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Энэхүү өвчнөөр  эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байсан аж.  Учир нь  0-8 сартай  хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь  9 сартайгаас улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой. Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол,  өвчлөлийн насны 47 хувийг  15-29 насныхан, 11 хувийг г 0-8 сартай  буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлжээ.
Дээрх өвчлөлийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр байгаа тул тухайлбал, сүүлийн хоёр сарын турш нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, асрагчид ажиллаж байгаа аж. Тус дүүрэгт 0-16 насны 100 гаруй мянган хүүхэд байдаг бөгөөд нийт эмнэлэгт ирж буй хүүхдийн 70 хувийг зөвлөгөө өгөөд гэрт нь буцаадаг гэнэ. Өрхийн эмнэлгүүдийн хувьд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Өвчний дэгдэлттэй холбогдуулан ус, дулаан, цахилгааны  зардлууд тогтмол нэмэгдэж 2-3 сая төгрөгөөр илүү гарч байгаа талаарх мэдээллийг мөн өглөө.
Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд  уртасгасан цагаар ажиллаж  өнөөдрийн байдлаар 417  хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 215, ачаалал 2-2,5 дахин их байгааг мэдээлсэн бол нийслэлийн Баянгол дүүргийн хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд голлон анхаарч, өрхийн бүх эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-ийн Яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 367 өвчтөн ирж үйлчлүүлж байгаагаас өнөөдрийн байдлаар  Эрчимт эмчилгээний тасаг 10 ортой  хэдий ч 17 өвчтөн  хэвтэн эмчлүүлж байна.  Иргэд өрхийн эмнэлгээрээ  дамжилгүй шууд өөрсдөө хувийн унаагаараа ирдэг, өдөртөө 150 хүнд зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байгаа талаар тус эмнэлгийн тусламж  үйлчилгээ эрхэлсэн дэд  дарга М.Тунсаг ярьсан юм.
Энэхүү уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “ХӨСҮТ-ийн ачаалал өндөр  бүх ороо хүүхдийн оронд шилжүүлэн ажиллаж байна. Дэгдэлт гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгавар, улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмжийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.  19-30 настай залуучуудын дунд дэгдэлт их байгаа.  Тиймээс нэмэлтээр вакцинжуулалт дархлаажуулалтыг  хийхээр төлөвлөж  Засгийн газрын хуралдаанаар  асуудал оруулахаар бэлтгэж байна” гэдгээ мэдэгдлээ.
Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлах боломжтой, халдварлалтын түвшин 99 хувьтай хамгийн их халдвартай өвчин аж. Тиймээс нэрвэгдэхгүй байх нөхцөл бол өөрөө өөрийгөө өвчнөөс хамгаалах явдал юм байна.
Одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин гарсан гэх мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаад буй ажээ.

No comments:

Post a Comment