Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж
Удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчийн төгсгөл хэсэг, эсвэл чих, хамар зэрэг ил орших хэсгүүд хөлддөг. Хүйтний үйлчлэлд хөлдөлт болохоос гадна осголт болдог. Осголт, хөлдөлтөнд хүйтний эрч, агаарын чийглэг, салхины хурд зэргээс гадна хувцаслалт, биеийн эсэргүүцэл чухал үүрэгтэй. Бариу давчуу гутал хувцас нь цусны эргэлтийг саатуулж, амархан хөлдөх боломж бүрдүүлнэ. Мөн эцэж ядрах, цус алдах, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх зэрэг нь хөлдөлтийг түргэсгэдэг. Хөлдөлтийг явцаар нь хөлдсөний дараахь буюу шинж тэмдэг нь балархай үе, гэссэний дараахь буюу шинж тэмдэг нь илрэх үе гэж хоёр хуваана. Хөлдөлтийг хүндрэлийн зэргээр нь 4 ангилдаг.
I зэрэг. Арьс, зөөлөн эд хөрч, өнгө нь улайж, улмаар цайвар болно. Хорсож хатгуулж өвдөхөөс гадна хавагнаж загатнах, мэдээ сулрах шинж илэрнэ.
II зэрэг. Хөлдөлт арьсны хөхлөг давхарга хүртэл явагдана. Хавагнаж, 2-3 хоносны дараа цусархаг шингэн бүхий цэврүү үүснэ. Нэлээд хүчтэй өвдөх ба хөлдсөн хэсэгт арьсны мэдээ суларна.
III зэрэг. Арьс бүтнээрээ хөлдөж үхжих бөгөөд арьсны өнгө хүрэнтэж, цусархаг шингэнтэй том цэврүүнүүд үүснэ. Арьсны мэдрэл алдагдаж, хатуурч үрэвсэх шинж тэмдэг илэрнэ. Арьс нь унасны дараа идээлж, шархны эдгэрэлтийг удаашруулна.
IV зэрэг. Яс хүртэл гүн хөлдөж, гэссэний дараа мөчний хөлдсөн хэсэг бүхэлдээ үхжинэ. 10-14 хоногийн дараа хөлдсөн хэсэг нь эрүүл эдээс тусгай шугамаар зааглагдана.
Хөлдөлтийн үед юуны өмнө дулаан байранд оруулж хөлдсөн хэсгийг спирт, үнэртэй ус зэргээр арчаад, аажим гэсгээнэ. Мөчийг мөстэй, хүйтэн усанд дүрэх, эсвэл цасаар үрж зөөлөн иллэг хийж, цусны эргэлтийг аажим сэргээх арга хэмжээ авна. Өвчтөнд халуун цай уулгах замаар дотроос нь аажим гэсгээж болно. Хөлдсөн хэсэгт хөвөнтэй зузаан боолт хийж өгнө. Гүн хөлдөлтийн үед анхны арга хэмжээг эрчимтэй аваад мэргэжлийн эмчид хүргэх нь чухал. Хөлдөлт, осголтоос сэргийлэхэд цаг улирлын байдалд гутал хувцсаа зөв тохируулах, хүйтэнд ажиллахын өмнө сайн амрах, илчлэг сайтай хоол унд хэрэглэх нь чухал юм. Хүйтэнд архи хэрэглэх нь буруу. Учир нь архи нь захын судсыг түр тэлж өргөсгөн дулаан алдах явдлыг түргэсгэхээс гадна биеийн эсэргүүцлийг доройтуулна. Хүйтэн нөхцөлд хүн үргэлж хөдөлж, ажиллаж байх нь хөлдөлтөөс сэргийлэхэд тустай. Ер нь зөв хувцасласан эрүүл саруул биетэй хүн л хүйтнийг хамгийн сайн тэсвэрлэдэг.