Saturday, June 25, 2016

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж


СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГАД ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРАХААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ
Улсын хэмжээнд 2015 оны 34 дэх 7 хоногт цочмог цусархаг суулгалттай хамшинжийн 149 тохиолдол мэдээлэгдсэнээс Улаанбаатар хотод 143 тохиолдол буюу 96% нь бүртгэгдсэн байна. Цочмог цусархаг суулгалттай хамшинж олон жилийн дунджаас 3.9 дахин ихэссэнтэй холбоотой хүүхдийн байгууллагууд дараах зөвлөмжийг мөрдөж ажиллах шаардлагатай байна.
Нэг. Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагад
1. Зөвлөмжийг сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгуулага өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах;.
2. Гэдэсний халдварт өвчин гарахад нөлөөлж болзошгүй хүчин зүйлийн эрсдлийн үнэлгээг тухайн байгууллага жил бүр хийж, холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3. Гар угаах зөв дадал, хэвшлийг сурагч, хүүхэд, багш, туслах багш үйлчилгээний ажиллагсдын дунд эзэмшүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах;
4. Гал тогоо, цайны газарт хүнсний бүтээгдэхүүн сонгох, хадгалах, бэлдэх, түгээх, хэрэглэх болон аяга, таваг, сав хэрэглэлийг угааж, цэвэрлэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж ажиллах;
5. Гал тогоо, цайны газарт ариун цэврийн дүрмийн шаардлагыг хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах;
6. Өдрийн хөнгөн зууш, үдийн хоолоор үйлчлэх үед хүнсний аюулгүй байдлыг хангах;
7. Анги, бүлэг, биеийн тамирын заал, хонгил зэрэг өрөө, тасалгаа бүрд 3-аас доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх;
8. Хүүхдийн тоглоомыг өдөр бүр 2 хувийн сод, угаагч нунтаг бүхий õалуун усаар угааж цэвэрлэх, ихээр бохирдсон бол халдваргүйтгэх бодисыг зааврын дагуу хэрэглэх зэргээр цэвэрлэх;
9. Цэвэрлэгээний алчуур, шалны мод, хувин зэрэгт таних тэмдэг тавьж зориулалтаар нь хэрэглэн, халдваргүйтгэх;
10. Их цэвэрлэгээг 10-14 хоног тутамд хийх;
11. Бие засах газрын суултуур, гар угаагуурын тоог стандартын хэмжээнд байлган, эрүүл ахуйн шаардлагыг хангах;
12. Бие засах газрын суултуур, гар угаагуурыг цэцэрлэг, ясли, сувилалд өдөрт 3 удаа, ерөнхий боловсролын сургуульд завсарлагаа бүрийн дараа цэвэрлэн халдваргүйтгэх;
13. Сурагч, хүүхэд багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсад, эцэг эхийн дунд халдварт өвчний улиралчлал угтуулан "Эрүүл зан үйл"-ийг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг тодорхой төлөвлөгөөтэйгээр зохиох;
14. Сурагч, хүүхэд багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
15. Мэргэжлийн их эмч ажиллуулах;
16. Халдваргүйтгэл, цэвэрлэгээний бодис, материалд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгайлан тусгах;
17. Анги, бүлгийн хүүхдийн тоог эрүүл ахуйн стандарт хэмжээнд байлган нягтралыг багасгах;
Хоёр. Сургууль, хүүхдийн байгууллагад гэдэсний халдварт өвчин гарсан үед авах арга хэмжээ
1. Халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд утсаар мэдээлнэ;
2. Халдварт өвчний тохиолдлын мэдээг ХӨСҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвөөс тухай бүр авна;
3. Халдварт өвчтэй хүнтэй хавьтал болсон сурагч, хүүхэд, багш, туслах багш, үйлчилгээний ажиллагсдаас өвчний сэжиг илэрвэл яаралтай тусгаарлан холбогдох эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ.
4. Гэдэсний халдварт өвчин гарсан анги, бүлэгт тухай халдварт өвчний нууц үеийн хугацаанд шинээр хүүхэд авах, анги, бүлгүүдийн хооронд шилжилт хөдөлгөөн хийхгүй байна;
5. Анги, бүлгийн хүүхдүүдэд холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран үзлэгхяналт, тандалт хийнэ
6. Ясли, цэцэрлэгт өглөө бүр хүүхдийн биеийн байдлыг хянан өтгөн шингэнийг ажиглан шаардлагатай тохиолдолд халууныг үзэж өвчний сэжиг илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлнэ
7. Халдварт өвчний дэгдэлтийн үед мэргэжлийн байгууллагатай хамтран тандалт, судалгаа хийнэ.
8. Гэдэсний халдварт өвчин гарсан анги, бүлэгт халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ;
9. Байнгын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг зохих зааврын дагуу хийнэ;
10. Дотуур байр, ясли, цэцэрлэг, сувилалын зэрэг хүүхдийн байгууллагуудын цагаан хэрэглэл, гарын алчуур зэргийг тусгай уут саванд хадгалж угаалгын газарт хүргэн, угааж, халдваргүйтгүүлнэ. Гудас, дэвсгэр, хивс, дэр хөнжлийг нар, салхинд 12-24 цагаар тавьж, гүвж, сэгсрэх зэрэг механик аргаар болон дезкамерын халдваргүйтгэл хийлгэнэ;
11. Гар угаах нөхцлийг бүрдүүлэн угаалгын чанарт байнга хяналт тавина;
12. Хоол, унд идэж уухын өмнө, бие зассаны дараа хүүхдийн гарыг заавал савандаж угаалгана;
13. Халдварт өвчин гарсан анги бүлгийн хоол ундны сав, аяга, таваг, халбага, сэрээг шарах, жигнэх, буцалгах аргаар ариутгана;
14. Ус нөөцлөх лааз, савыг өдөр бүр суллан зориулалтын угаагч бодисоор угааж, цэвэр усаар 2 удаа зайлж цэвэрлэнэ;
15. Ялаа, шавж, мэрэгчийг устгах арга хэмжээ авна
16. Хүүхэд, эцэг, эх, багш, үйлчилгээний ажиллагсадад халдварт өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг сурталчилгааны материалыг тараана.