Tuesday, November 17, 2015

Томуугаас сэргийлье! Ард, иргэдэд өгөх сэрэмжлүүлэг, зөвлөмж

Хүйтний эрч чангарч, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэддээ дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Дэлхийн хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудын нэгэн адил манай улсад жил бүрийн өвөл, хаврын улиралд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол нэмэгдэж, 2-3 дэгдэлт үүсгэдэг зүй тогтол ажиглагддаг билээ.
2014 оны 10 дугаар сарын дунд үеэс томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж, 12 дугаар сарын дунд үеэс томуугийн А хэвшинжийн вирүс эргэлтэнд орж хүн амын дунд өвчлөл үүсгэж байна. Томуугийн аль ч вирүсээр үүсгэгдсэн өвчлөл нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, хөгшчүүд, архаг хууч өвчтэй хүмүүст үгдрэх хүндрэх хандлагатай байдаг.
Улсын хэмжээнд одоогийн байдлаар амбулаторид үйлчлүүлэгсдийн 9-10% орчим нь ТТӨ-тэй гэж оношлогдож, түргэн тусламжийн дуудлагын тоо олшрох, амьсгалын замын хүнд халдвар, уушгины үрэвслийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо нэмэгдэн, орны ачаалал үүсгэх хандлагатай байна. Иймд: 
  • Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол аль болох гэрээс гарахгүй байх; 
  • Амны хаалт хэрэглэх; 
  • Гарын ариун цэврийг сайтар сахих;
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх; 
  • Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уулгах; 
  • Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах; 
  • Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийх; 
  • Хэрвээ ТТӨ-ий шинж тэмдэг илэрвэл Өрхийн Эрүүл МэндийнТөвдөө хандах хэрэгтэй. 
  • Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулж болохгүй байхыг тус тус зөвлөж байна.